Мэдээ

  • Нүүр
  • /
  • Мэдээнүүд
  • /
  • “МОНГОЛЫН ГОЛЬФИЙН ХОЛБОО” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ

“МОНГОЛЫН ГОЛЬФИЙН ХОЛБОО” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ

Огноо: 2017-02-03

“МОНГОЛЫН ГОЛЬФИЙН ХОЛБОО” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

   Нэгдүгээр зүйл. Ерөнхий зүйл.

1.1.1. Энэхүү дүрмийн зорилт нь “МОНГОЛЫН ГОЛЬФИЙН ХОЛБОО” Төрийн бус байгууллагын (цаашид “Холбоо”  гэнэ) байнгын, тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор гишүүдийн болон алба, удирдлагын  эрх зүйн байдал, холбооны өдөр тутмын үйл ажиллагаандаа баримтлах хэм, хэмжээг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.1.2. Холбоо нь Монгол улсын хууль болон энэ дүрэм, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах ашгийн бус, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага мөн.

1.1.3. Холбооны оноосон нэр:

            1.1.3.1. Монгол хэлээр:   “МОНГОЛЫН ГОЛЬФИЙН ХОЛБОО”

            1.1.3.2. Англи хэлээр:      “MONGOLIAN GOLF ASSOCIATION”

1.1.4 Холбоо нь төрийн бус байгууллагын дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3, мөн дүрмийн Хавсралт 1-д заасан билэг тэмдэг (лого), туг, албан хэргийн хэвлэмэл хуудсыг тус тус хэрэглэнэ.

1.1.5. Холбоо нь анх 2001 оны 08 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотноо байрлаж, Монгол улсад үйл ажиллагаагаа явуулна.

1.1.6. Холбоо нь албан ёсоор Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Twin Tower Building 4 давхар, 405 тоот байрлана.

1.1.7. Холбооны  гишүүд “МОНГОЛЫН ГОЛЬФИЙН ХОЛБОО” ТББ–ын дүрмийг дагаж мөрдөнө.

Хоёрдугаар зүйл. Холбооны үнэт зүйлс, үйл ажиллагааны зарчим, үндсэн чиглэл.

1.2.1. Холбоо нь гишүүдээ сургах, тэдгээрийн чадавхыг нэмэгдүүлэх, гишүүдийн энэ дүрмээр баталгаажсан эрх, үүргийг хангахад чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, гольф сонирхогчийг хичээллүүлэх, гольфийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх замаар үндэсний багш, дасгалжуулагч, тамирчид бэлтгэхийг үндсэн зорилго болгоно.

1.2..2 Холбоо нь өөрийн үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална. Үүнд:         

1.2.3. Монгол Улсын хууль тогтоомжийг дээдлэх;

1.2.4. Гольфийн спортын нийтлэг дүрмийг удирдлага болгон, гольфийн спортын үндсэн ёс зүйг баримтлах,

1.2.5. Гишүүддээ болон нийгэмд үйлчлэх,

1.2.6. Гишүүдийн эрх, ашгийг дээдлэх;

1.2.7. Ил тод, нээлттэй  байх;

1.2.2. Холбоо нь сургалт, бусад холбоодтой уулзалт тэмцээн уралдаан зохион байгуулах замаар хувь хүн, гишүүдийн гольфийн ур чадварыг нэмэгдүүлэх, өөрсдийн авъяас чадвар, чадамжийг нээн хөгжүүлэх боломжийг хангаж, гишүүдийн өмнө тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх гарц, боломжийг хамтдаа эрэлхийлэх, гар бие оролцох боломжоор хангахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Гишүүнчлэл

Нэгдүгээрзүйл.  Гишүүнчлэл, түүний эрх зүйн байдал, эрх, үүрэг

2.1.1. Холбоо нь дүрэмд заасан гишүүдээс бүрдсэн гишүүнчлэл бүхий байгууллага мөн.

2.1.2. Холбооны эрхэм зорилго, тунхаг, зарчим, үндсэн дүрмийг хүлээн зөвшөөрч, гишүүн болох хүсэлтэй хүн сайн дурын үндсэн дээр тухайн жилийн гишүүний хураамжийг төлснөөр элсэж болно. Гишүүний жилийн хураамж нэг удаа 500.000 төгрөг байна.

2.1.3. Холбоонд шинээр элсэх гишүүн холбооны 2 –оос доошгүй гишүүний зөвлөмжтөй байна.

2.1.4. Энэ зүйлийн 3.2-д заасан нөхцөлийг ханган гишүүн болсон хүн байгууллагын албан ёсны гишүүнээр тооцогдон, бүх гишүүдийн хурлын саналын эрхтэй болж, энэ дүрэмд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

2.1.5. Холбоо нь өөрийн үйл ажиллагааг сурталчлах, гишүүнчлэлийг өргөтгөх зорилгоор бүх гишүүдийн хурлын шийдвэрийн дагуу аливаа сонирхогч иргэдэд хэзээд нээлттэй байж, тэдэнд үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах боломжоор хангана.

2.1.6. Холбооны гишүүд дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Үүнд:

2.1.7.1. Гишүүний эрх:

2.1.7.1.1. Холбооны гишүүд нь тэгш эрхтэйгээр холбооны үйл ажиллагаанд  оролцох.

2.1.7.1.2.    Холбооны аливаа албан тушаалд сонгогдох болон томилогдон ажиллах.

2.1.7.1.3. Холбооны талаарх санал, хүсэлтээ зохих журмын дагуу илэрхийлэх, шийдвэрлүүлэх.

2.1.7.1.4. Аливаа үйл ажиллагаанд сайн дурын үндсэн дээр оролцох.

2.1.7.1.5. Шинээр ажил санаачлан түүнийгээ хэрэгжүүлэх санал гаргах, үнэлүүлэх, гадаад болон дотоодод зохион байгуулагдах төрөл бүрийн уралдаан тэмцээн, арга хэмжээнд давуу эрхтэйгээр хамрагдах, өөрийн болон бусдын хариуцсан ажлыг сайжруулах талаар санал гаргах эрхтэй.

2.1.7.2. Гишүүний үүрэг:

2.1.7.2.1. Холбооны эрхэм зорилго, зарчим, үндсэн дүрмийг хүлээн зөвшөөрч гишүүн болсон тохиолдолд  дүрэм, журам, эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийг дагаж мөрдөх, сахин биелүүлэх.

2.1.7.2.2. Холбооны  нэр хүндийг ямагт дээдлэн, дэлгэрүүлж, бусдыг үлгэрлэн дагуулах.

2.1.7.2.3. Холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцох.

2.1.7.2.4. Гишүүн нь холбооны гишүүнчлэлийг өргөтгөх зорилгоор байгууллагын дотоодод болон гадаадад зохион байгуулагдаж байгаа арга хэмжээ, сургалт, тэмцээн зэрэгт сонирхогч урин ирүүлж болно. Ийнхүү сонирхогч урин ирүүлэхдээ байгууллагын эрхэм зорилго, холбогдох дүрэм, ёс зүйн журмыг урьдчилан танилцуулсан байна.

2.1.7.2.5. Холбооны албан тушаал хашин ажиллаж байгаа нөхдөдөө хүндэтгэлтэй хандах.

2.1.7.2.6. Өөрийгөө хөгжүүлэх талаар үргэлж анхаарч, шамдан суралцах.

2.1.7.2.7. Олсон мэдлэгээ бусадтай нээлттэй, чөлөөтэй хуваалцах.

2.1.7.2.8. Гишүүн нь байгууллагын нэр хүнд, гольфийн ёс зүйд сөргөөр нөлөөлөх, үл хүндэтгэсэн,  ёс зүйгүй аливаа үйлдэл хийхийг хориглоно.

2.1.7.2.9. Энэ зүйлд заасан үүргээ үл биелүүлэн холбооны дүрэм, ёс зүйн журмыг удаа дараа болон ноцтой зөрчсөний улмаас байгууллагын нэр хүндийг унагасан, хохирол  учруулсан бол байгууллагын гишүүнчлэлээс хасах үндэслэл болно.

2.1.7.2.10. Гишүүнчлэлээс хасахдаа холбооны дүрмийн 3.6 дугаар зүйлд заасан журмыг баримтлан шийдвэрлэнэ.

2.1.7.2.11.Гишүүнчлэлээс хасах тухай шийдвэрийг Удирдах зөвлөлийн хуралдаанаас гаргана.

2.1.8. Дараах үндэслэлээр гишүүнчлэлээс хасна. Үүнд:

2.1.8.1. Гишүүн өөрөө гишүүнчлэлээс гарах хүсэлтээ бичгээр гаргасан

2.1.8.2. Холбооны гишүүний тухайн жилийн хураамжийг төлөөгүй.

2.1.8.3. Ашиг сонирхлын зөрчлөөр хандсан нь тогтоогдсон

2.1.8.4. Холбооны ёс зүйн журманд үл нийцсэн үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон

2.1.8.5. Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор нотлогдсон

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Бүтэц, зохион байгуулалт

Нэгдүгээр зүйл. Холбооны  бүтэц

3.1.1.  Холбооны  удирдлагын дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна.

3.1.2. Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт Холбооны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга болон Удирдах зөвлөл Холбооны ажлыг удирдан зохион байгуулна.

Хоёрдугаар зүйл. Удирдах зөвлөл

3.2.1. Холбооны Ерөнхийлөгч Удирдах зөвлөлийн дарга байна.

3.2.2.Удирдах зөвлөлийн гишүүдийг бүх гишүүдийн хурлаас 1 жилийн хугацаагаар, олонхийн саналаар сонгоно.

3.2..3. Холбооны Ерөнхийлөгч, удирдлагын баг нь Удирдах зөвлөлийн гишүүн байна.

3.2.4. Удирдах зөвлөлийн гишүүний сонгуулийг жил тутам явуулж, Холбооны гишүүн бүр нэр дэвших эрхтэй.

3.2.5. Удирдах зөвлөлийн нийт гишүүний тоо 13-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна.

3.2.6. Удирдах зөвлөлийн аль нэг гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар цаашид ажиллах болох эсвэл огцрох тохиолдолд Ерөнхийлөгч санал болгосноор Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, УЗ-ийн гишүүнээр сонгоно.

3.2.7. Удирдах зөвлөлийн ээлжит  хурлыг улиралд нэг удаа,  жилд 4 –гаас доошгүй удаа хийнэ.

3.2,8. Удирдах зөвлөлийн  даргын эсвэл гишүүдийн олонхийн санаачлагаар ээлжит бус хурлыг зохион байгуулж болно.

3.2.9. Удирдах зөвлөлийн хурлыг гишүүдийн 51 хувь болон түүнээс дээш хувийн ирц бүрдсэн тохиолдолд Удирдах зөвлөлийн дарга, түүний эзгүйд Ерөнхий нарийн бичгийн дарга удирдан явуулж, шийдвэрийг энгийн олонхийн саналаар батална.

3.2.10. Удирдах зөвлөлийн гишүүдийн хурал хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлаараа “Тогтоол” гаргана.

Гуравдугаар зүйл. Удирдах зөвлөлийн эрх, үүрэг     

3.3.1.Холбооны удирдлагын багын үйл ажиллагаанд хяналт тавина.

3.3.2. Холбооны тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг батлахад оролцоно.

3.3.3. Бүх гишүүдийн хурлын тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавина.

3.3.4. Удирдах зөвлөлийн аль нэг гишүүн чөлөөлөгдсөн, огцорсон тохиолдолд холбогдох баримт бичгүүдийг дараагийн сонгогдсон гишүүнд хүлээлгэн өгнө.

3.3.5. Холбооны шагнал, урамшил, гишүүдэд спортын цол, зэрэг олгох асуудлыг хэлэлцэнэ.

3.3.6.Удирдлагын багаас дэвшүүлсэн бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

Дөрөвдүгээр зүйл. Удирдах зөвлөлийн гишүүний эрх, үүрэг

3.4.1. Удирдах зөвлөлийн гишүүн Холбооноос  зохион байгуулах тэмцээн уралдаанын нээх, шагнал, урамшил олгоход оролцоно.

3.4.2.Холбооны үйл ажиллагааны талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээ, мэдээлэл өгнө.

3.4.3. Гадаад оронд зохиогдож байгаа тэмцээн уралдаанд Холбооны нэрийн өмнөөс баг, тамирчдаа ахлан оролцох эрхтэй.

3.4.4. Удирдах зөвлөлийн гишүүн нь Холбооны үйл ажиллагааг тогтвортой явуулахад дэмжлэг үзүүлж, гишүүний хураамжаас гадна  жилд нэг удаа 500.000 төгрөгийн хандив, тусламж нэмж өгнө.

3.4.6. Удирдах зөвлөлийн гишүүн нь ээлжит хуралд  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 удаа тасалсан болон тухайн жилд 3.4.5-д заасан хандиваа өгөөгүй тохиолдолд Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөнө.

Тавдугаар зүйл. Бүх гишүүдийн хурал               

 3.5.1. Бүх гишүүдийн хурал нь ээлжит болон ээлжит бус хурлаас бүрдэнэ.  Ээлжит хурал нь жилд нэгээс доошгүй удаа хуралдана. Ээлжит бус хуралдааныг шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Ерөнхийлөгч болон Ерөнхий нарийн бичгийн дарга зарлан хуралдуулна.

 3.5.2. Бүх гишүүдийн хуралд тухайн үед саналын эрхтэй гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хурал хүчинтэй болно.

3.5.3. Бүх гишүүдийн хуралд Ерөнхийлөгч, УЗ-ийн гишүүд,  Ерөнхий нарийн бичгийн дарга  тус бүр нэг саналын эрхтэй оролцоно.

3.5.4 Хурлаар хэлэлцэж буй аливаа асуудлыг саналын эрхтэй гишүүдийн энгийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Гишүүн өөрийн биеэр хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай бүх гишүүдийн хурал эхлэхээс 3 хоногийн өмнө энэ тухайгаа хурал зохион байгуулагчид мэдэгдэн саналаа урьдчилан бичгээр өгч болно.

3.5.5. Бүх гишүүдийн хурал хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаараа “Тогтоол” гаргана.

3.5.6. Бүх гишүүдийн хурлыг Ерөнхийлөгч даргалан хуралдуулах бөгөөд түүний эзгүйд Ерөнхий нарийн бичгийн дарга удирдан явуулна.

3.5.7. Шаардлагатай тохиолдолд хурлыг бүх гишүүдээс сонгосон хурал даргалагчийг томилон хуралдуулна.

3.5.8. Дараахи  асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

3.5.8.1. Холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах.

3.5.8.2. Холбооны хөгжлийн бодлого, урт хугацааны хөтөлбөр, төлөвлөгөөг батлах.

3.5.8.3. Холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай танилцах, хүлээн авах.

3.5.8.4. Дараа оны Ерөнхийлөгч, түүний бүрэн эрхийг батлах, үүрэгт ажлаас чөлөөлөх.

3.5.8.5. Холбооны УЗ-ийн гишүүдийг  сонгох, сонгогдсоныг баталгаажуулах, үүрэгт ажлаас чөлөөлөх.

3.5.8.6. Холбоог татан буулгах асуудлыг шийдвэрлэх.

3.5.8.7. Бүх гишүүдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр гишүүдээс оруулсан бусад асуудлууд.

Зургаадугаар зүйл. Бүх гишүүдийн хуралдааны дэг

3.6.1. Бүх гишүүдийн хуралдааны дэгийг Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга  тогтоон мөрдүүлнэ. Хуралдааны дэг нь энэ дүрэмд нийцсэн, зохион байгуулалт, хурлын явцад үүсэх харилцааг нэг бүрчлэн зохицуулж өгсөн байна.

Долоодугаар зүйл. Сонгогдох болон томилогдох албан тушаалтан 

3.7.1. Дараах албан тушаалтнууд сонгогдох албан тушаалтан байна.

3.7.1.1. Ерөнхийлөгч

3.7.1.2. Удирдах зөвлөлийн гишүүд

3.7.2. Сонгогдох албан тушаалтнууд бүх гишүүдийн хурлын саналын эрхтэй гишүүдийн энгийн олонхийн саналаар сонгогдоно.

3.7.3. Дараах албан тушаалтнууд томилогдох албан тушаалтан байна.

3.7.3.1. Ерөнхий нарийн бичгийн дарга

3.7.3.2. Нарийн бичгийн дарга нар

3.7.4. Томилогдох албан тушаалтнуудыг Ерөнхийлөгч томилж, холбогдох гэрээг байгуулна.

3.7.5. Томилогдох албан тушаалтнууд нь Холбооны гишүүн байна.

3.7.6. Холбоо нь гишүүдээ сургах, тэдгээрийн чадавхыг нэмэгдүүлэх, гольф сонирхогчидийг хичээллүүлэх, уралдаан тэмцээнийг чанарын өндөр түвшинд зохион байгуулахад гишүүдээ өргөнөөр оролцуулах ба зарим тохиолдолд тэдэнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж болно.

Наймдугаар зүйл. Сонгогдох болон томилогдох албан тушаалтнуудыг сонгох, томилох

3.8.1. Холбооны сонгогдох болон томилогдох албан тушаалтанд энэхүү дүрмийн 2.2-р заалтанд заасан шаардлага хангасан гишүүн нэр дэвших эрхтэй.

3.8.2. Сонгуульд нэр дэвшигч энэ талаарх хүсэлтээ хуралдаан зохион байгуулагч болон Ерөнхийлөгчид бүх гишүүдийн хурал хуралдахаас 5 хоногийн өмнө бичгээр гаргаж өгнө. Хүсэлтэд өөрийн товч намтар болон ямар байгууллагад ажиллаж байсан үеийн мэдээллийг тусгасан байна.

3.8.3. Хуралдаан зохион байгуулагч сонгуульт албан тушаалтанд нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг нийт гишүүдэд бүх гишүүдийн хурал эхлэхээс 2 хоногийн өмнө танилцуулсан байна.

3.8.4. Сонгогдох албан тушаал бүрд 1 ба түүнээс дээш тооны нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авсан байх шаардлагатай.

3.8.5. Хэрвээ энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд нэр дэвших хүсэлтийг бүх гишүүдийн хурал хуралдах өдрийн 09:00 цаг хүртэл сунгаж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Нэгдүгээр зүйл. Санхүүжилт, хөрөнгө зарцуулалт

4.1.1. Холбооны орлого нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ.

- Гадаад, дотоодын иргэд, байгууллагын хандив

- Гишүүдийн хандив

- Бусад эх үүсвэр

4.1.2. Холбоо нь өөрийн бүх орлогыг  дүрмийн зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.

4.1.3. Холбооны орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөх зэргийг хориглоно.

4.1.4. Төрийн бус байгууллагын сонгуультан, ажилтнуудаас байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн болон хувийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

4.1.5. Холбооны дүрмийн үйл ажиллагаанаас бусад зорилгоор эд хөрөнгө, мөнгийг бусдад хандивлахыг хориглоно.

4.1.6. Холбоо нь төгрөгийн болон ам. долларын данстай байх ба санхүүтэй холбогдох 1-р гарын үсгийг гүйцэтгэх захирал зурна.

ТАВДУГААР БҮЛЭГ

Нэгдүгээр зүйл.Холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, татан буулгах

5.1.1. Холбооны  дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг бүх гишүүдийн

хурлын 20-оос доошгүй гишүүдийн саналаар бүх гишүүдийн хурлаар авч хэлэлцэнэ.

5.1.2. Холбооны энэхүү дүрмийг Ерөнхийлөгч батлана.

5.1.3. Холбоог дараах  үндэслэлээр татан буулгаж болно. Үүнд :

- Дүрмийн зорилгоо хэрэгжүүлж дууссан

- Бүх гишүүдийн хурлын шийдвэрээр

- Дүрмийн зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан, хууль тогтоомж ноцтой болон удаа дараа зөрчсөний улмаас татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан.

5.1.4. Холбоог татан буулгах шийдвэр гарсан тохиолдолд бүх гишүүдийн хурлаас томилсон ажлын хэсэг өмч хөрөнгийн асуудлыг ТББ-ын тухай хуулийн дагуу шийдвэрлэх ба энэ тухай шийдвэрээ нэг сарын өмнө нийт гишүүдэд мэдээлж, Хууль зүйн  Яаманд бичгээр мэдэгдэнэ.

5.1.5. Холбоог татан буулгасан тохиолдолд бүх гишүүдийн хурлаас томилсон ажлын хэсэг эд хөрөнгийг ижил зорилго бүхий бусад төрийн бус байгууллагад шилжүүлэх, эсвэл дүрмийн зорилгод нийцсэн бусад үйл ажиллагаанд зарцуулж болно.

Хоёрдугаар зүйл. Дагаж мөрдөх, хяналт тавих

5.2.1.  Энэхүү дүрмийг батлагдсан өдрөөс эхлэн Холбооны удирдлагын баг, сонгуультан, ажилтнууд нэгэн адил дагаж мөрдөнө.

5.2.2. Дүрмийн биелэлтэд  Ерөнхий нарийн бичгийн дарга хяналт тавина.

-------oOo-------

 

 

 

Гольфийн спортыг дэмжигч байгууллагууд.

Гольфийн спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй байгууллагуудад гүн талархал илэрхийлье!

  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image